Мгфззхолбооны дүрэм


Баталгаажуулсан:   

Холбооны удирдах зөвлөлийн дарга                                                          О.Хосбаяр

 

МГФЗЗХ-ны 2022 оны 05-р сарын 03-ны өдрийн ХУЗ-ийн xурлаар шинэчлэн батлав.

 

МОНГОЛЫН ГЕОДЕЗИ, ФОТОГРАММЕТР, ЗУРАГ ЗҮЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Монгол улсын Геодези, зураг зүйн салбарын хувьд дэлхий дахины нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, эрс шинэчлэлттэй уялдан зайлшгүй хөгжих шаардлага урган гарч байгаа билээ. Энэхүү хэрэгцээ, шаардлагын дагуу Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо нь Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагад хуулиар олгогдсон эрхийн дагуу хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, салбарын боловсон хүчний бодлогыг тодорхойлох зэрэгт дэмжлэг үзүүлэх, салбарт шинээр нэвтэрч байгаа техник технологийг нийтийн хүртээл болгох, нийтийг хамарсан сургалт зохион байгуулах замаар Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан улс төрийн аливаа нам эвслээс хараат бус, гишүүнчлэл бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байна.
    2. Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь /цаашид Холбоо гэх/ анх “Монголын геодези, зураг зүйн холбоо” хэмээх оноосон нэрээр 2004 оны 5 сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 11 сарын 9-нд “Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо” нэрээр Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж баталгаажсан. Холбооны англи хэл дээрх албан ёсны нэр нь ”Mongolian Association of Geodesy, Photogrammetry and Cartography” цаашид хураангуйгаар “MAGPC” гэж орчуулагдана.
    3. Холбооны төв нь Улаанбаатар хотод байрлах бөгөөд бусад аймаг, хотуудад өөрийн салбар нэгжтэй байж болно.
    4. Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, салбарын бүтээлийн эрхийг хангах, хамгаалахад дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
    5. Холбоо нь хуулийн этгээд болохын хувьд хууль тогтоомжид заасны дагуу өөрийн байгууллагын хэвлэмэл хуудас, тэмдэг, эмблемтэй байх бөгөөд банканд харилцах данс нээх эрхтэй.
    6. Холбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад чиглэгдсэн орлогыг буй болгох эрхтэй.
    7. Холбоо нь өөрийн гэсэн, байнгын ажиллагаатай цахим хуудас, хаягтай байна.
    8. Холбоо нь хүндэт ерөнхийлөгчтэй байж болно.
    9. Холбоо нь дараах бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна.

МОНГОЛЫН ГЕОДЕЗИ, ФОТОГРАММЕТР, ЗУРАГ ЗҮЙН

ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хоёр. Зорилго,  үйл ажиллагаа

    1. Холбооны үндсэн зорилго нь геодези, зураг зүйн салбарыг бие даасан, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг үйлдвэрлэлд тогтмол нэвтрүүлдэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн боловсон хүчинтэй, эрчимтэй хөгжсөн салбар болгох, салбарын аж ахуйн нэгжүүдийн болон инженер, техникийн ажилтнуудын  нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
    2. Холбоо нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
      1. Геодези, зураг зүйн жишиг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дүгнэлт гаргах замаар бүтээгдэхүүний шалгуур тогтоох;
      2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийн мэдээлэл, норм, дүрэм, үнэлгээ, стандарт, заавар болон эрх зүйн баримт материалыг боловсруулахад оролцон, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах;
      3. Олон улсын ижил төстэй мэргэжлийн байгууллагатай харилцаа холбоо тогтоох, шинжлэх ухаан, технологийн мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, симпозиум зохион байгуулах;
      4. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний болон туршлага судалгааны ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийж дээд байгууллагад уламжлах;
      5. Геодези,  зураг зүйн салбарын үйл ажиллагаа,  тулгамдсан асуудал, холбооны хүрээнд зохиож буй ажлын үр дүн, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж, гадаад, дотоодын туршлага, ололт амжилт, шинэ техник, технологийн талаарх мэдээллийг гишүүддээ тогтмол хүргэх;
      6. Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, дүрэм боловсруулахад яам, агентлагт мэргэжлийн зүгээс туслалцаа үзүүлэх, салбарын хөгжил, хэтийн төлөвтэй холбоотой асуудлыг эдгээр баримт бичгүүдэд тусгуулах нийтийн эрэлтэд үндэслэн тодорхой санал, дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагад хүргэж байх;
      7. Гадаадын болон дотоодын байгууллагын хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөндлөнгийн хяналт хийх;
      8. Салбарын үйл ажиллагааны талаар болон салбарын чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөн, сургалт семинарын тухай мэдээлэл, олон улсын хэмжээнд геодези, зураг зүйн үйлдвэрлэлд шинээр нэвтэрч байгаа техник, технологи, программ хангамжийн тухай мэдээллийг гишүүн байгууллага, иргэд, дэмжигч байгууллагууддаа хүргэх зорилгоор сэтгүүл гаргах;
      9. Хуульд заасны дагуу төрийн байгууллагаас төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэгийг авах;
      10. Хуульд заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр хариуцан гүйцэтгэж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн төрөөс гаргуулан авах;
      11. Геодези, зураг зүй, фотограмметр, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.
    3. Холбоо нь өөрийн гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнд дараах дэмжлэгийг үзүүлж ажиллана. Үүнд:
      1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн танилцуулга, тоон фотограмметр, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системийн онол практикийн талаарх мэдээлэл, арга зүйн зөвлөмж, олон улсын мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөний материал, ном товхимлыг гишүүдэд шуурхай хүргэж байх;
      2. Гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
      3. Салбарын болон төрийн шагналд тодорхойлж тэдгээрийн хөдөлмөрийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах;
      4. Олон улсын, мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний хурлуудын товыг гишүүдэд тогтмол мэдээлж байх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх явцад гишүүдийн зүгээс хүсэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
      5. Мэргэжлийн чиглэлийн мэдээлэл, гарын авлага, норм, үнэ, заавар, дүрэм, стандартыг нэгдсэн журмаар хангахад оролцох;
      6. Шинээр ажлын байр бий болгох, хорших чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагатай ажил төрлийн холбоо тогтооход зөвлөгөө өгөх;
      7. Гишүүдийн мэргэжлийн ур чадвар, ололт амжилтыг сурталчлах;
      8. Жил бүр тэргүүний гишүүн байгууллага, иргэнийг шалгаруулж гэрчилгээ, өргөмжлөл олгож холбооны цахим хуудаст байрлуулан сурталчлах;
      9. Салбарын ойн баяр ёслол, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан ажлын онцгой амжилт гаргасан гишүүдэд материаллаг хийгээд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
      10. Гишүүдийн нийтлэг эрх ашиг, санал хүсэлтийг биелүүлэхийн төлөө төр засаг, бизнес, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэднээс гарах шийдвэр нь манай салбарт эерэг нөлөөлөл үзүүлдэг байлгахын төлөө ажиллах;
      11. Цахим хуудсаараа дамжуулан хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх түнш хайж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар геодези зураг зүйн бүх төрлийн ажил үйлчилгээ хийлгэхээр сонирхож буй гадаад, дотоодын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст холбооны гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сангаас тохирох хамтрагчаа сонгох боломжоор хангах.

Гурав. Холбооны гишүүнчлэл

    1. Холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжсэн, дүрмийг хүлээн зөвшөөрсөн,  геодези, зураг зүй, фотограмметр, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, энэ салбарт болон өөр салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүс, оюутан түүнчлэн дүрмийг хүлээн зөвшөөрсөн аливаа байгууллага, иргэн гишүүнээр элсэж болно.
    2. Холбоонд гишүүнээр элсүүлэхэд дараах болзол, нөхцөлийг баримтална. Үүнд:
      1. Холбооны дүрмийг судалж, үйл ажиллагаа, үндсэн чиглэл, зорилтыг хүлээн зөвшөөрсөн;
      2. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан;
      3. Гишүүнчлэлийн татвараа төлсөн тохиолдолд;
    3. Холбооны гишүүн байгууллага, аж ахуйн нэгж нь гишүүнчлэлийн гэрчилгээ, хувь хүн нь үнэмлэхтэй байна. Гишүүнээр элсэхэд элсэлтийн хураамж төлөхгүй.
    4. Гишүүнийг дор дурдсан тохиолдолд Холбооны гишүүнчлэлээс гарсанд тооцно. Үүнд:
      1. Хувь гишүүн нас барсан;
      2. Гишүүний татвараа төлөөгүй;
      3. Холбооноос явуулж байгаа үйл ажиллагаа нь тухайн гишүүний эрхийг зөрчсөн, эсвэл ашиг сонирхолд нь нийцэхгүй байгаа тохиолдолд гишүүн өөрийн хүсэлтээр өргөдөл гарган гишүүнчлэлээс татгалзсан;
      4. Холбооны дүрмийг санаатайгаар зөрчсөн, Холбооны болон салбарын нэр хүндийг унагасан, гишүүдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн г.м үйлдэл хийсэн нь тогтоогдсоны улмаас Холбооны удирдлагын шийдвэрээр гишүүнчлэлээс хассан.
    5. Гишүүн татвараа төлөөгүйн улмаас гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд татвараа нөхөн төлөх замаар гишүүний эрхээ сэргээлгэнэ.

Дөрөв. Холбооны гишүүний эрх, үүрэг

  1. Холбооны гишүүний эрх:
    1. Холбоонд татвар төлсөн байгууллага, хувь хүн гишүүний эрх эдэлнэ;
    2. Холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох, Холбооны удирдлага бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;
    3. Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зохих итгэмжлэлийн дагуу холбоог төлөөлөх, нэр хаягийг хэрэглэх;
    4. Гишүүний эрх нь зөрчигдвөл холбоогоор дамжуулан төр, олон нийтийн аль ч байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
    5. Холбооны үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, тэдний  ажлын явц байдал, санхүү, тайлан бүртгэлийн материалтай танилцаж санал бодлоо илэрхийлэх;
    6. Холбооноос зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээ, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцох, санал шүүмжлэл гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх;
    7. Холбоогоор дамжуулан төр, засгийн гавьяа шагналд нэрээ тодорхойлуулах;
    8. Холбооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах.
    1. Холбооны гишүүний үүрэг:
      1. Гишүүний татвараа цаг хугацаанд нь төлж байх;
      2. Холбооны дүрэм, мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримталж  ажиллах, холбооны нэр хүнд, хамтын эв нэгдлийг сахин хамгаалах;
      3. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх.

Тав. Холбооны Бүтэц,  хяналтын тогтолцоо

А. ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

    1. Холбооны удирдах дээд байгууллага нь МГФЗЗХ-ны бүх гишүүдийн хурал бөгөөд түүний завсар хооронд тус хурлаас 3 жилийн хугацаатай томилогдсон Холбооны удирдах зөвлөл (цаашид ХУЗ гэх) удирдана.
    2. ХУЗ-ийн гишүүдийг дараагийн сонгуулийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө бүх гишүүдийн хурлаар, нууц санал хураалтаар сонгоно. ХУЗ-ийг шинэчлэн сонгохдоо сонгуульт хугацаа нь дуусаж буй зөвлөлөөс дараагийн  гишүүдийн нэрсийг дэвшүүлэх ба гишүүд нэмж нэр дэвшүүлж болно.
    3. ХУЗ нь 13-аас доошгүй сондгой тооны гишүүнтэй байх ба дараах зарчмаар гишүүдийг сонгоно. Үүнд:
      1. ХУЗ-ийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хуралд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар тогтооно.
      2. ХУЗ-д нэр дэвшигчийн тоог хязгаарлахгүй бөгөөд нууц санал хураалт явуулж,  нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор жагсаан, эхний нэр дэвшигчдийг (хурлаар тогтоосон тооны) ХУЗ-ийн гишүүдээр батална. Сүүлчийн гишүүнд саналын тоо тэнцүү тохиолдол гарвал тухайн дэвшигчдийн хувьд дахин санал хураалт явуулна.
      3. Бүх гишүүдийн хурлыг чиглүүлэх, түүний явц, зохион байгуулалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, сонгууль удирдан явуулах, хурлын шийдвэрийг хэлбэржүүлэх, өмнөх ХУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх зэрэг үүрэг гүйцэтгэх хурал даргалагч болон нарийн бичгийн даргыг тухайн хурлаас сонгоно. Хурлын явцыг протоколд тэмдэглэж, түүнээс гарсан шийдвэрийг хурал даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
      4. ХУЗ-ийн сонгуулийг зохион байгуулах тооллогын комиссыг бүх гишүүдийн саналаар гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах ба тооллогын комисст орсон хүнийг ХУЗ-ийн гишүүнд нэрийг нь дэвшүүлэхгүй.
    4. ХУЗ-ийн гишүүд нь бүрэлдэхүүнийхээ дотроос Холбооны тэргүүнийг 3 жилийн хугацаагаар нууц санал хураалтаар сонгох бөгөөд Тэргүүн нь ХУЗ-ийн дарга байна. Холбооны тэргүүнийг сонгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
      1. Холбооны тэргүүнийг ХУЗ-ийн хурлаар, ХУЗ-ийн гишүүдээс 3 хүртэл хүнийг нэр дэвшүүлэн нууц санал хураалт явуулан, олонхын санал авсан хүнийг тэргүүнээр батална.
      2. Саналын тооллогыг гишүүдийн дунд илээр шууд тоолно.
      3. Холбооны тэргүүнийг өөрийн нь хүсэлтээр болон хариуцсан   ажилдаа шаардлага хангахгүй байна гэж үзвэл олонхын саналаар өөрчлөх эрхтэй.
      4. Хүндэтгэх шалтгаанаар ХУЗ-ийн гишүүнийг нөхөн сонгох шаардлага гарвал дараагийн сонгуулийн хугацаа болтол ХУЗ нь шинээр гишүүн томилж ажиллуулна.
    5. Холбооны гишүүн байгууллага, хувь хүн нь холбооны нэрийн өмнөөс аливаа ажил үйлчилгээ үзүүлж болох бөгөөд гагцхүү холбоотой гэрээ байгуулах ба холбоонд  15 хувийн хандив /шимтгэл/ өгсөн байна.
    6. ХУЗ-ийн хурлыг улиралд хоёроос доошгүй удаа хуралдуулна.
    7. ХУЗ нь дараах асуудлыг эрх хэмжээний хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
      1. Удирдлага, бүтэц, зохион байгуулалтын үндсэн асуудал, үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох;
      2. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
      3. Эмблемийг батлах;
      4. Санхүүгийн бодлого, тайланг хэлэлцэж батлах;
      5. Тэргүүнийг сонгох, чөлөөлөх;
      6. Үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулж мөрдүүлэх;
      7. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлах.
    8. ХУЗ-ийн хуралд зөвлөлийн гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
    9. ХУЗ-ийн гишүүн нь хуралд оролцож чадахгүй хүндэтгэх шалтгаантай бол заавал урьдчилан мэдэгдэнэ.
    10. ХУЗ нь хувь хүмүүсийн асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар тэгш эрхтэй шийдвэрлэнэ.
    11. Онцгой тохиолдолд ХУЗ-ийн хурлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. Урилгаар оролцсон хуулийн этгээд, хувь хүмүүс зөвлөх эрхтэй оролцоно.
    12. ХУЗ нь хуралд хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргах ба бүх гишүүдийн хуралд ажлаа тайлагнана.

Б. Холбооны тэргүүн

    1. ХУЗ-ийн бүрэлдэхүүнээс сонгогдсон Холбооны тэргүүн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
      1. Холбооны үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
      2. ХУЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулах, удирдах;
      3. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, цалинг тогтоох, гэрээ байгуулах;
      4. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, түүний тайланг хянах, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
      5. Гүйцэтгэх захирал Холбооны өмч хөрөнгийг, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох ба зардлыг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
      6. Бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргах;
      7. Гүйцэтгэх захирлыг өөрийнх нь хүсэлтээр болон хариуцсан ажилдаа шаардлага хангахгүй байна гэж үзвэл өөрчлөх;
      8. Холбоог гадаад, дотоодод төлөөлөн гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүмүүстэй харилцах, гэрээ хэлцэл байгуулах, биелэлтийг дүгнэх.
      9. ХУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргах;
      10. Холбооны үйл ажиллагаатай холбогдсон тодорхой асуудлаар бусад этгээдтэй холбоо тогтоох;
    2. ХУЗ-ын гишүүн болон Холбооны 10-аас доошгүй гишүүдээс Тэргүүнийг үүрэгт ажлаа хангалтгүй хийж байна гэсэн санал албан ёсоор ирүүлсэн тохиолдолд удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж олонхын саналаар Тэргүүнийг өөрчилж болно.
    3. ХУЗ-ийн бүрэн эрхийн 3 жилийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын дотор тэргүүн ээлжит сонгуульт хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд удирдах зөвлөлийн аль нэг гишүүн хурал зарлан хуралдуулах эрхтэй.

 

В. Холбооны гүйцэтгэх захирал

    1. Холбооны тэргүүн Гүйцэтгэх захирлыг томилох саналыг ХУЗ-д гаргах ба ХУЗ-ийн гишүүдийн олонхын саналаар Гүйцэтгэх захирлыг томилно.
    2. Гүйцэтгэх захирал нь Холбооны гишүүн байх ба ХУЗ-ын гишүүн байж болно.
    3. Гүйцэтгэх захирал нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, Тэргүүнийг орлон Холбоог гадаад, дотоодод төлөөлж, Тэргүүний өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бүх гишүүдийн хурал, ХУЗ-ийн хурлын бэлтгэлийг хангуулна.
    4. Гүйцэтгэх захирал жил бүр Холбооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг бэлтгэж Холбооны тэргүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр ХУЗ-ийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
    5. Гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй. Үүнд:
      1. ХУЗ-ийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, Холбооны үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангах;
      2. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад, дотоодод холбоог төлөөлөх;
      3. Холбооны салбар, нэгж байгууллагуудад (салбар зөвлөл) зохион байгуулалт, арга зүйн зөвлөмж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
      4. Эд хөрөнгийг ХУЗ-өөс тогтоосон эрх хэмжээнд захиран зарцуулах;
      5. Холбооны Тэргүүний тогтоосон хугацаанд ажлаа тайлагнах;
      6. Холбооны дүрэмд заасан үндсэн чиглэл, зорилгыг хангах салбар, нэгжийг өөрийн ивээлд байгуулан ажиллуулах;
      7. Үйл ажиллагаатай холбоотой гарах зардал бүрийг нарийвчлан тооцож Холбооны Тэргүүнээр батлуулж гүйцэтгэлд нь хяналт хийх;
      8. Холбооны санхүүгийн тайлан, бүртгэл, мэдээний үнэн зөвийг хариуцах;
      9. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ажилласан гишүүн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шагнаж урамшуулахаар тодорхойлолт гаргах.
      10. Өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирал томилох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэх.
    6. Гүйцэтгэх захирал Холбооны жилийн үйл ажиллагааны тайланг ХУЗ-д тайлагнан, баталгаажсан тайлангаа дараа оны 2-р сарын 15-ны дотор төрийн эрх бүхий байгууллагад холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ. Санхүүгийн тайлан балансад жилд нэг удаа аудит хийлгэнэ.
    7. Гүйцэтгэх захирал нь Холбооны нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг ХУЗ-д оруулж шийдвэрлүүлнэ. Нарийн бичгийн дарга нь  орон тоогоор ажиллах бөгөөд ХУЗ-ын гишүүн байж болно.
    8. Тэргүүн, ХУЗ-ийн гишүүн болон Холбооны гишүүдээс Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаа хангалтгүй хийж байна үзвэл ХУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.

Г. Ажлын алба

    1. Холбоо нь өдөр тутмын үйл ажиллагааг тогтмол явуулах ажлын албатай байна.
    2. Ажлын алба нь ХУЗ-ийн гишүүд болон холбооны нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Ажлын албыг Гүйцэтгэх захирал удирдана.
    3. Ажлын алба нь дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:
      1. ХУЗ-ийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулах, гишүүн байгууллага, хувь хүмүүстэй өдөр тутам хамтран ажиллах, холбооны цахим хуудасны хэвийн, тогтмол үйл ажиллагааг хариуцах;
      2. Бүх гишүүдийн болон ХУЗ-ийн хурлын бэлтгэл хангах;
      3. Төсөл хөтөлбөр, судалгаа, сургалтын ажлын төлөвлөгөөг ХУЗ-ийн гишүүдтэй хамтран гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэх баг бүрдүүлэн зохион байгуулах;
    4. Холбооны гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах ба түүнд түүний эрх үүргийг тодорхой зааж өгсөн байх ба цалингийн хэмжээг ХУЗ-ийн хурлаас тогтооно.

Д. Холбооны хяналтын ЗӨВЛӨЛ

    1. Холбооны үйл ажиллагаанд хяналт тавих хараат бус хөндлөнгийн үүрэг бүхий хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүх гишүүдийн хурлаас 3 жилийн хугацаагаар сонгох ба бүх гишүүдийн хуралд ажлаа тайлагнана.
    2. Холбооны хяналтын зөвлөл /цаашид ХХЗ гэх/-ийн гишүүд нь бүрэлдэхүүнийхээ дотроос зөвлөлийн даргыг 3 жилийн хугацаагаар сонгоно.
    3. ХХЗ нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргана.
    4. ХХЗ нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
      1. Холбооны үйл ажиллагааны санхүүгийн тайланг жилд нэг удаа шалгаж, дүгнэлт гарган ХУЗ-д танилцуулж байх;
      2. шалгалттай холбогдсон баримт, тайлбар, нотолгоог холбогдох хүмүүсээс шаардан гаргуулж авах;
      3. Холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар ХУЗ-д санал оруулах;
      4. ХУЗ-ийн хуралд саналын эрхтэйгээр орох.

Е. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН КЛУБ

    1. Үйл ажиллагааг дэмжих залуу инженерүүдийн клуб /цаашид ЗИК гэх/ нь МГФЗЗХолбооны үйл ажиллагааг дэмжин ажиллах залуучуудын эвлэлдэн нэгдсэн Холбооны дэргэдэх бүтцийн байгууллага байна.
    2. ЗИК нь Холбооны дүрэмд захирагдахуйц, ХУЗ-өөр хянуулж, Холбооны тэргүүнээр батлуулсан дүрмийг баримтлан бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.
    3. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь залуучуудын эв нэгдлийг ханган Холбооны үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, урлаг, спорт, танин мэдэхүйн энтертайнмент үйл ажиллагааг явуулах, гадаад дотоод ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллагуудтай холбоо харилцаагаа нэмэгдүүлэх, мэргэжлийн чиглэлийн хамтарсан судалгаа шинжилгээний ажил явуулахад чиглэнэ.
    4. ЗИК нь дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
      1. Үйл ажиллагааны хөтөлбөрийг жилээр боловсруулан ХУЗ-д танилцуулж Холбооны Тэргүүнээр батлуулан түүний дагуу үйл ажиллагаагаа явуулах;
      2. Үйл ажиллагаа явуулахад төлөвлөсөн ажлын төсвийн хүрээнд Холбооноос санхүүжилтийн дэмжлэг авах.

Зургаа. Холбооны санхүүжилт

    1. Холбооны үйл ажиллагааны санхүүжилт нь дор дурдсан үндсэн эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
      1. Гишүүдийн татвар, хандив тусламж, өв хөрөнгө
      2. Дотоод, гадаадын түнш байгууллагын хандив тусламж
      3. Дүрмийн зорилготой нийцэх сургалт, аж ахуйн үйл ажиллагааны орлого болон төслийн хэрэгжилт
    2. Жилийн татвараас илүү хэмжээний хандив өгсөн гишүүн байгууллага, хувь хүн тухайн жилийн татварыг төлөхгүй байж болно.
    3. Холбооны санхүүгийн үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдах бөгөөд тайлагнах, мэдээлэх асуудлыг холбогдох хууль, эрхзүйн актын дагуу хэрэгжүүлнэ.

Долоо. Холбооны хариуцлага

    1. Холбоо нь өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг хууль тогтоомжийн дагуу хариуцна.
    2. Холбооны болон ХУЗ-ийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг Холбоо хүлээхгүй.
    3. Холбооны орлогоос ашиг хуваарилах, байгууллага аж ахуйн нэгжийн төлбөрийг төлөх, ашиг олох, нам эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө хандив өгөхийг хориглох бөгөөд түүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Найм. Холбоог татан буулгах

    1. Холбоо нь дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан, цаашид төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй гэж гишүүдийн хурлаас олонхын саналаар шийдвэрлэвэл татан буулгаж болно.
    2. Татан буугдсан шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж, эрх бүхий байгууллагад албан бичгээр хүргүүлж, улсын бүртгэлээс хасуулна.
    3. Холбооны хөрөнгийг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад шилжүүлэх бөгөөд тийм төрийн бус байгууллага байхгүй нөхцөлд зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

 

 

Жич: Батлагдсан дүрмийг хавсралт файлаас харна уу.


Хавсралт 1: татах

2024-01-31

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.